Image

Google компани өнгөрөгч 2024 онд нийт 5.1 тэрбум хортой зар сурталчилгааг устгажээ

2025-04-23 10:45

Google компани 2024 онд хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай 39.2 сая зар сурталчилгааны хаягийг хаасан гэдгээ мэдэгджээ. Уг ажлын хүрээнд 5.1 тэрбум зар сурталчилгааг устган, 9,1 тэрбум зар сурталчилгаанд хязгаарлалт тавьж, 1,3 тэрбум цахим хуудсан дээрх зар сурталчилгааг хаасан байна.  Нийт хаасан 39.2 сая хаягаас 5 сая гаруй нь луйвар, залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан байна.

Дээрх хааж, хязгаарлалт тавьсан зар сурталчилгааны зөрчлийн ангиллуудаас авч үзвэл:  

  • Зар сурталчилгааны платформыг ашиглаж хортой программ хангамж суулган хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах зорилготой (793.1 сая),
  • Барааны тэмдэг болон оюуны өмчийг хууль бусаар ашигласан (503.1 сая),
  • Хувь хүн рүү чиглэсэн сурталчилгаа (491.3 сая),
  • Санхүүгийн луйвар, залилангийн шинжтэй (193.7 сая),
  • Буруу, ташаа мэдээлэл тараах (146.9 сая) зэрэг багтсан байна.

Мөн зар сурталчилгааг нь хориглосон эсвэл хязгаарласан хаягуудын явуулж буй үйл ажиллагаанаас авч үзвэл насанд хүрэгчдийн, доромжилсон, хортой программ хангамж агуулсан, зэвсэг сурталчилсан, онлайн мөрийтэй тоглоом, хар тамхи, согтууруулах ундаа худалдаалах, оюуны өмчийг зүй бусаар ашиглах, бэлгийн дур хүслийг ил тодоор харуулсан зэрэг агуулгууд багтаж байна.  

Google-ийн зүгээс зар сурталчилгааг буруу зорилгоор ашиглаж буй хаягуудыг түргэн шуурхай илрүүлэхэд хиймэл оюун ухаан (AI)-ийг ашиглах болсон бөгөөд зөвхөн Deepfake-ийг ашиглан дүр бүтээж залилан хийх зорилготой 415 сая гаруй зар сурталчилгааг устгаж, 700,000 гаруй хаягийг хааснаа мэдэгджээ.Гэсэн хэдий ч дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа тогтмол өсөн нэмэгдсээр байна.

Иймд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид болон хэрэглэгчдэд эх үүсвэр нь тодорхойгүй зар сурталчилгаанд итгэж эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж:

www.google.com 

 

Нийтлэл түгээх