DEEPSEEK-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД ЧИГЛЭСЭН ХУУРАМЧ ЗАР ТҮГЭЭХ ҮЙЛДЭЛ ГАРАХ БОЛСОН БАЙНА

2025-04-07 08:19

Кибер халдлага үйлдэгчдийн зүгээс Google компанийн зар сурталчилгаагаар дамжуулан БНХАУ-ын хиймэл оюун ухааны платформ болох DeepSeek-ийн цахим хуудсыг дуурайлган бүтээж хэрэглэгчдийг төөрөгдүүлж мэдээлэл хулгайлах, хортой программ суулгах үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Уг үйл явдал нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс бүртгэгдэж эхэлсэн бөгөөд DeepSeek-ийн цахим хуудастай яг ижил загвартай хуудсыг бүтээж Google хайлтын системд зар сурталчилгаа байдлаар түгээсэн байна.  

 

Халдлага үйлдэгчдийн зар сурталчилгаагаар түгээсэн хуурамч /deepseek-ai-soft.com, deepseakr.com гэх зэрэг/ холбоос хайлтын системийн хамгийн дээд хэсэгт гарч ирэх бөгөөд хэрэглэгчдийг уг цахим хуудсанд зочлуулах, тухайн хуудсанд байршуулсан хортой программ хангамжуудыг татаж суулгуулах гол зорилготой байжээ. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн олж тогтоосноор тухайн хуурамч цахим хуудсуудад байрлуулсан программ хангамжууд нь Трояан төрлийн вирусыг агуулж байсан ба Malwarebytes, ThreatDown зэрэг кибер аюулгүй байдлын мэдээлэл солилцох платформуудад “Malware.AI.1323738514” гэх нэрээр бүртгэгдсэн байна.

Хэдийгээр Google компанийн зүгээс тухайн хуурамч холбоосуудыг хайлтын системээсээ устгасан гэх мэдээллийг өгөөд байгаа хэдий ч цаашид дахин энэ төрлийн үйл ажиллагаа явагдах магадлалтай тул та бүхнийг өөрийн хандаж буй холбоосуудыг сайтар нягтлах, AdBlock хэрэглүүрүүдийг ашиглахыг зөвлөж байна.

Эх сурвалж: DarkReading

Нийтлэл түгээх

Сэтгэгдэл бичих


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)