2024-04-26 English
Нүүр хуудас » Мэдээ » Гадаад мэдээ
Мэдээ » Гадаад мэдээ
DDoS халдлагын идэвхжил
Огноо: 2020 оны 06 сарын 19
Дэлхий дахинд коронавирусын халдварын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүмүүс цахимаар хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсон нь интернет орчны хэрэглээ нэмэгдэхэд хүргэсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарсан байна. 

Халдлага үйлдэгчдийн цахим орчинд хувь хүн эсвэл байгууллага руу халдах эсэхээс хамаарч халдлагын төрөл нь ялгаатай байна. Тухайлбал, хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженеринг буюу хуурамч цахим шуудан илгээх, хуурамч холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байна. Харин байгууллага руу халдахдаа илүү өргөн хүрээний буюу DDoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож, байгууллагын үйл ажиллагаа зогсоход хүргэж байна.

Коронавирусын дэгдэлтийн үед ихэвчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүргэлтийн үйлчилгээ болон боловсролын байгууллагын цахим хуудаснууд DDoS халдлагад өртөж байна. Тухайлбал, 3-р сард АНУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний яамны цахим хуудас руу чиглэсэн DDoS халдлага илэрсэн бөгөөд тус байгууллага нь халдлага, эмзэг байдал илрүүлэх, хамгаалах систем, сүлжээ бүхий мэдээлэл технологийн дэд бүтэцтэй тул ачаалал нь ихэссэн боловч хэвийн ажилласан хэвээр байсан байна. 


Зураг 1. DDoS халдлагын 2020 оны өсөлтийн хэмжээ

Касперски компанийн 2020 оны эхний улирлын тайланд дурдсанаар DDoS халдлагын тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн ба халдлагын хугацаа уртсаж, 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 2 дахин өссөн байна. Ухаалаг дайралтын хувьд мөн ижил өсөлттэй байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн хакер болон сонирхогчдын зүгээс DDoS халдлагыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг харуулж байна.

Технологийн хөгжил хурдсаж, халдлага үйлдэгчдийн ур чадвар нэмэгдэхийн хирээр DoS буюу Denial-of-Service төрлийн халдлагууд улам бүр нарийн зохион байгуулалттай болж, зөвхөн серверийн ажиллагаа болон бизнесийн үйлчилгээг тасалдуулаад зогсохгүй олон талаар дайралт хийж, сүлжээний эмзэг цэгүүдийг эрэлхийлж байна.DoS халдлага нь их хэмжээний хэрэглэгчийн хүсэлтийг хост эсвэл сүлжээ рүү илгээснээр уг машин ачааллаа дийлэхгүйд хүрч, хэрэглэгчиддээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хэрэв сүлжээн дэх цор ганц хоструу нэг халдагчаас чиглэж байвал DoS халдлага гэнэ. Цаашлаад олон тооны хостууд тухайн хохирогч руу дээрх төрлийн их хэмжээний халдлагын шинж чанар бүхий хүсэлтүүдийг илгээж байгаа бол DDoS буюу Distributed-Denial-of-Service халдлага гэнэ. 

DoS халдлага нь их хэмжээний хэрэглэгчийн хүсэлтийг хост эсвэл сүлжээ рүү илгээснээр уг машин ачааллаа дийлэхгүйд хүрч, хэрэглэгчиддээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хэрэв сүлжээн дэх цор ганц хост руу нэг халдагчаас чиглэж байвал DoS халдлага гэнэ. Цаашлаад олон тооны хостууд тухайн хохирогч руу дээрх төрлийн их хэмжээний халдлагын шинж чанар бүхий хүсэлтүүдийг илгээж байгаа бол DDoS буюу Distributed-Denial-of-Service халдлага гэнэ. 

Халдлага үйлдэгч нь Zombies буюу botnets - тусгай Троян вирусийн халдвар авсан компьютерын сүлжээ  үүсгэн тухайн компьютеруудын эзэмшигчийн мэдэлгүйгээр алсаас хянан удирдаж, цаашид DDoS халдлага үйлдэхэд шаардагдах өндөр урсгалыг бий болгох зорилгоор тэдгээрийг бэлтгэдэг ба өөрөөр хэлбэл зорилтот сервер, сүлжээ рүү өөрөө шууд дайрахгүй харин zombie компьютеруудаар дамжуулж өөрийгөө халхалдаг. Ингэснээр zombie компьютерууд л ил харагдах бөгөөд жинхэнэ халдагчийг илрүүлэхэд төвөгтэй юм. 


Зураг 2. DDoS халдлага

Эдгээр botnet сүлжээг спам болгон ашиглагдаж болох бөгөөд зарим нь хортой код татаж авах сайт болох, фишинг залилан болон дээр дурдсан DDoS халдлага үйлдэх зэрэг өөр өөр зорилготой олон гэмт хэрэгтнүүдийн хяналтад байж болно. 

Хэрэв таны сервер компьютер троян вирусээр халдварласан бол халдлага үйлдэгч DDoS команд өгөх хүртэл удаан хугацаагаар унтаа байх бөгөөд вирус, хортой код илрүүлэх программаар тогтмол шалгаж ботнет болохоос сэргийлэх боломжтой. Халдагчийн тушаалаар ботнетууд нэгэн зэрэг зорилтот сервер буюу сүлжээ рүү халдахад ачаалал үүсэж үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй болдог. Сүлжээ доторх bot бүр нь халдлагыг далдалдаг тул энэ төрлийн халдлагуудыг тодорхойлоход хэцүү бөгөөд том хэмжээний DDoS халдлага үйлдэх чадамжтай ботнет байгуулахад цаг хугацаа их шаарддаг байна.

DDoS халдлагын төрөл
Гэмт хэрэгтнүүд хэд хэдэн аргыг ашиглан DDoS халдлага үйлддэг ба ихэнх нь зорилтот сервер эсвэл сүлжээнд нэвтрэхэд чиглэдэг боловч ерөнхийдөө гурван төрөлд хувааж болно. 

  • Аппликейшн дайралт нь тодорхой үйлчилгээ эсвэл програм дээр төвлөрдөг ба ихэвчлэн вэб хуудас бүхий аппликейшнууд руу чиглэдэг. HTTP flood бол энэ төрлийн халдлагуудын нэг бөгөөд олон тооны HTTP хүсэлтийг ашиглан ердийн хэрэглэгчдийг вэб програм руу нэвтрэх боломжгүйд хүргэдэг. 
  • Багтаамжийн дайралт нь зорилтот сүлжээний дамжуулах чадварыг өндөр хүчин чадлаар ачаалуулах зорилготой. Энэ төрлийн халдлагын хэмжээ нь халдлага үйлдэгчээс хамаардаг бөгөөд ихэвчлэн 100Gbps-аас 1 Tbps хүртэл хэлбэлздэг. 
  • Протоколын дайралт нь олон төрлийн протоколын сул талыг ашиглан вэб программын серверүүдийн хүчин чадлыг дээд зэргээр ачаалуулах, галт хана, ачаалал тэнцвэржүүлэгч гэх мэт хамгаалах хэрэгслүүдийн нөөцийг шавхахад төвлөрдөг. SYN flood бол протоколын дайралтын нэг хэлбэр бөгөөд хуурамч IP хаяг ашиглан ердийн синхрончлох – танин баталгаажуулах солилцоог эвдэх замаар зорилтот серверт хуурамч холболтын дараалал бий болгож, үндсэн хэрэглэгчдийн баталгаажуулалтыг их хэмжээний хүлээлтэд оруулдаг байна. 2020 оны эхний улиралд үйлдэгдсэн нийт DDoS халдлагын 92,6 хувийг SYN flood төрөл эзэлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн улирлаас 8 хувиар өссөн байна.
                                                   Зураг 3. DDoS халдлагын төрлүүд

DDoS халдлагын хамгаалалт

DDoS халдлагын үр нөлөө нь халдлагын цар хүрээ, түүнд өртөхөөс сэргийлж авсан арга хэмжээ, бэлэн байдлаас хамаарах ба ерөнхийдөө хамгаалалтын хэрэгслүүдээс гадна интернетийн дэд бүтцийн шийдэлд тулгуурладаг.

  • Хязгаарлалт -  Нэг үйлчлүүлэгчийн нээж болох холболтын тоог хязгаарласнаар DDoS-ийн халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой. Ердийн хэрэглээнд вэб хөтөч нь нэг вэбсайтад 5-7 TCP холболтыг нээж өгдөг ба DDoS-ийн дайралт нь өндөр ачаалал өгөхийн тулд үүнээс давж гардаг.
  • Галт хана - DDoS халдлагаас урьдчилан сэргийлэх өөр нэг арга бол Вэб Аппликейшн Галт хана буюу WAF-ийг тохируулах юм. Урвуу прокси болгон ашиглавал WAF нь серверийг олон төрлийн хортой код, халдлагаас хамгаалахад туслах болно.
  • Blackhole буюу хар нүх - DDoS-ийн дайралтыг бууруулах хамгийн энгийн арга бол бүх холболтыг "хар нүх" рүү чиглүүлдэг. Хар нүхний шүүлтүүрийг тодорхой хязгаарлалт шалгуургүйгээр хэрэгжүүлэх тохиолдолд хууль ёсны болон хортой сүлжээний урсгал хоёулаа хар нүх рүү чиглэгдэж, сүлжээнээс хаягддаг. Үүнийг сүлжээний администраторууд түлхүү ашиглах боломжтой бөгөөд ихэвчлэн ISP компаниуд ашигладаг. 
  • DDoS хамгаалах үйлчилгээ – Аюулгүй байдлыг ханган, халдлагаас хамгаалах бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлдэг олон компаниуд байдаг ба тэд сүлжээний ачаалал, нууцлалын протокол, хэрэглээний зан төлөв зэрэг олон төрлийн үзүүлэлтийг тогтмол шинжилж шаардлагатай хамгаалалт, зохицуулалтыг автоматаар тохируулдаг учир их хэмжээний халдлагыг хохирол багатай даван туулахад тусалдаг. 

"COVID-19” цар тахлын улмаас техник технологийн хөгжил хурдсаж байгаа ч мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа орхигдуулаад байна. Албан байгууллагын хувьд мэдээллийн системийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусийн эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэл тогтмол хийхээс гадна сервер администраторуудын хийх ёстой хамгийн чухал алхам болох стресс тестийг өөрийн сервер дээр туршин, шинжилгээ хийж, DDoS халдлагад өртөхөөс сэргийлэхийг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 80 гаруй хувь нь хувь хүний мэдлэг, хариуцлагаас шалтгаалдаг тул хэчнээн өндөр өртөгтэй хамгаалалт, хяналтын систем байгаад ч бүрэн хамгаалж чадахгүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад иргэдийн мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, зөв хэвшил олгох сургалт арга хэмжээ, анхааруулгыг тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм.

 
Мэдээ
 
"Кибер аюулгүй байдал" сэтгүүл
Сэтгүүлийн шинэ дугаарын цахим хувилбарыг уншихыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар татах холбоос илгээгдэх болно.
Шинэ Мэдээ
BitRAT хортой программ BitRAT хортой программ
2022-03-25
Emotet хортой кодын тархалт идэвхжив Emotet хортой кодын тархалт идэвхжив
2022-03-17
Цахим шуудангийн халдлага Цахим шуудангийн халдлага
2022-02-23
Windows Update ашиглан хортой код тараажээ Windows Update ашиглан хортой код тараажээ
2022-01-31
Credential stuffing халдлагын өсөлт Credential stuffing халдлагын өсөлт
2022-01-07
Chrome веб хөтчийн ноцтой алдаа Chrome веб хөтчийн ноцтой алдаа
2021-12-20
ALPHV BlackCat ransomware ALPHV BlackCat ransomware
2021-12-17
Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ Интерпол кибер гэмт хэрэгтэй холбоотой 1000 гаруй сэжигтнийг баривчилжээ
2021-12-06
Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ Apple компани Израйлын NSO группийг шүүхэд өгчээ
2021-12-03
Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага Lazarus APT бүлэглэлийн ээлжит халдлага
2021-11-24
Хуурамч ransomware халдлага Хуурамч ransomware халдлага
2021-11-24
REvil ransomware халдлага REvil ransomware халдлага
2021-11-22
Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл Украины эсрэг Гамаредон APT бүлэглэл
2021-11-22
Metaverse Metaverse
2021-11-06
“Squid game” криптовалютын луйвар “Squid game” криптовалютын луйвар
2021-11-04