Энэтхэг улс дахь үндэстэн дамнасан эм үйлдвэрлэгч Dr Reddy's компани нь 1986 онд байгуулагдсан, компанийн төв нь тус улсын Хайдарабад хотод байрладаг бөгөөд хоол боловсруулах, хавдар, өвчин намдаах, зүрх судасны эмгэгүүдийг эмчлэх 200 гаруй төрлийн эм болон эмийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна.
Тус компанийн мэдээлснээр ОХУ-ын Sputnik V Covid-19 нэртэй вакцины сүүлийн шатны туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг гардан аваад удаагүй байгаа ба судалгааныхаа явцад кибер халдлагад өртсөн байна.
Үүнд Их Британи, Бразил, Энэтхэг, Орос, болон АНУ дахь цахим хуудсууд өртсөн бөгөөд компанийн зүгээс халдлагыг зогсоохын тулд бүх дата төвийн үйлчилгээгээ тусгаарласан байна. Харин үйлдвэрлэлийн байгууламжууддаа нөлөөлсөн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.
Dr Reddy's группийн Их Британий Йоркширийн Беверлид байрлах салбар нь тус улсын Эрүүл мэндийн салбарын албан ёсны эм ханган нийлүүлэгчээр ажилладаг бөгөөд одоогоор салбаруудын телефон шугам ажиллахгүй байгаа нь энэхүү кибер халдлагатай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Dr Reddy компанийн зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдсаныг Энэтхэг улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/technology-54642870