Амьсгалын болон ахуйн замаар дамждаг COVID-19 вирус цаасан мөнгөөр дамжин халдварлах боломжтой юу?
Энэ нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний
дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг. Эрүүл мэндийн дэлхийд нэр хүнд бүхий “The New
England Journal of Medicine” сэтгүүлд 2020.03.17-нд нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3
цаг, хуванцар болон метал гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон
цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг байна.
Шинэ коронавирусийн хувьд
ханиах, найтаах, эсвэл халдвар тээгчийн хүрсэн газар ойртож, вирусын тоосонцорыг
нүд, хамар, амандаа хүргэж халдвар авч байна. Одоохондоо бэлэн мөнгөөр
дамжин халдварласан тохиолдлыг тогтоох
боломжгүй байгаа юм.
Улс орнууд коронавирусын тархалтаас урьдчилан
сэргийлэх зорилгоор карт болон төлбөрийн системийг ашиглахыг уриалж байгаа ба АНУ
бусад халдвартай улс орноос ялангуяа Ази, Европоос ирж буй цаасан мөнгөн
дэвсгэртийг арав хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос болон БНХАУ-д
банкуудад бэлэн мөнгө тараахаас өмнө халдваргүйжүүлж, зөвхөн ариутгасан болон
шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрнө гэж зарлав. Харин судлаачид Австралийн
полимер мөнгөн дэвсгэртүүд дээр вирус амьдрах чадвартай эсэхийг хараахан
тогтоогоогүй бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээнд хориг
тавих талаар хэлэлцэж байна.
ДЭМБ-аас бэлэн мөнгөний талаар албан ёсны
анхааруулга өгөхөөс татгалзаж байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн
Daily Telegraph сонинд “COVID-19 вирус нь хэд хоногийн
турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг
нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй” гэж хэлсэн ба бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн
адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж,
дижитал банк ашиглахыг уриалж байна.
Монголын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс ч
гэсэн энэ төрлийн уриалга гаргаад байгаа бөгөөд иргэдэд банкны үйлчилгээг онлайнаар,
зардал багатай, шуурхай хүргэж, цахим хэтэвч буюу төлбөрийн карт, гар утаснаас гадна
цахим мөнгө ашиглан төлбөр тооцоо хийх боломжуудаа сурталчилж байна. Үүний
зэрэгцээ цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга
хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд цахим төлбөрийн системийг түлхүү ашиглах боломж
бүрдэж, халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл буурах боломжтой юм.