Москва хотын дарга Сергей Собяниний 4-р сарын 11-нд гаргасан захирамжийн дагуу коронавирусын халдварын тархалтыг багасгах зорилгоор тус хотод хувийн болон нийтийн тээврээр зорчихдоо тусгай цахим нэвтрэх кодоор зорчиж байх систем нэвтрүүлжээ. Цахим нэвтрэх кодоор зорчих журам нь 2020 оны 4-р сарын 15-аас эхэлж хэрэгжиж байгаа бөгөөд 4-р сарын 13-наас цахимаар болон /SMS/ мессежээр зорчих эрхээ авч эхэлжээ.
Гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс болон хүргэлтийн ажилчдад 4-р сарын 30 хүртэл хүчинтэй цахим нэвтрэх код олгох бөгөөд зорчих давтамж нь хязгааргүй байхаар зохицуулалт хийжээ. Эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүст очих эмнэлгийг зааж, өдөрт нэг удаа очиж үзүүлэх эрх өгнө. Дэлгүүр явах, ахмад настанд хоол хүнс, эм аваачиж өгөх зэрэг хувийн зорилгоор гарах шаардлагатай иргэдэд хүрэх болон буцах чиглэлийг нь зааж өгөх ба долоо хоногт 2 удаа гарах эрх олгох бөгөөд өдөрт нэг удаа эрхээ ашиглах боломжтой юм.
Цахим нэвтрэх кодыг авахдаа өөрийн хувийн болон зорчих тээврийн хэрэгслийн мэдээлэл, ашиглах төлбөрийн картын дугаар, маршрут зэргийг дэлгэрэнгүй бүртгүүлж авах ба хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд тусгай дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой байна.
Москва хотын зам дагуу пост бүр дээр цагдаа нар байрших ба иргэдийн цахим нэвтрэх код хүчинтэй эсэх, зорчих чиглэл зэрэг мэдээллийг тусгай системээс шалган нэвтрүүлнэ.
Нийт 16 оронгоос бүрдэх нэвтрэх кодын эхний 4 орон нь дуусах хугацаа, үлдсэн 12 орон нь эзэмшигч болон аяллын зорилгыг тодорхойлсон тоо болно.
Жишээ цахим нэвтрэх код: 1104-Т123-МО11-К123